Тархины харвалтын дараах хөдөлмөр заслын тусламж үйлчилгээ анагаах ухаан, техник технологийн хөгжлийг дагаад цаг тутам шинэчлэгдэж олон төрлийн нотолгоонд суурилсан аргууд шинээр гарч байна. Хөдөлмөр заслыг дээд мөчдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэж ажилладаг гэсэн нийтлэг хэвшмэл буруу ойлголтыг арилгахын тулд тархины харвалтын дараах эмгэг өөрчлөлтүүд тус бүрийг хөдөлмөр заслын онолын үндэс, үйл явцтай холбон тайлбарласан тул өдөр тутмын практик үйл ажиллагаа, эмнэл зүйн ховор тохиолдлуудыг шийдвэрлэхэд энэ номыг ашиглаарай.
Тархины харвалтын дараах хөдөлмөр засал, сэргээн засах тусламж үйлчилгээний тухай ойлгохыг хүссэн хэн бүхэн, хөдөлмөр заслын оюутан, эмнэлзүйд ажиллаж байгаа хөдөлмөр засалчид, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд, анагаахын их дээд сургуулийн оюутнууд, үйлчлүүлэгч бүх түвшний эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, сувилал, сэргээн засах төвийн бүх мэргэжилтнүүдэд зориулав.
Номын нэгдүгээр бүлэгт тархины харвалтын тухай ерөнхий ойлголт, шалтгаан, эмгэг жам, харвалтын улмаас тархины хэсгүүдэд үүсэх нөлөөлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээний менежментийн тухай агуулгыг багтаасан нь анагаахын суурь болон мэргэжлийн хичээлээр үзсэн мэдлэгээ цогцоор эргэн сэргээхэд дөхөм болсон юм.
Хөтөлбөрийн талаар төгсөгчдөөс авсан үнэлгээний үр дүнгээс тархины харвалтын дараах дүрс оношилгооны аргуудыг (MRI, CT) уншиж, ойлгох гэсэн хэрэгцээ шаардлагаас үүдэн хоёрдугаар бүлгийг дүрс оношилгооны мэргэжлийн баг, АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор Х.Дэлгэрдалай бичсэн. Хөдөлмөр заслын онолын үндэс, үйл явц, үе шат бүрийн онцлог, сэргээн засах эмчилгээ нь тархины уян хатан чанарын онол дээр тулгуурлан явагддаг тухай удаах бүлгүүдээр оруулсан. Тархины харвалтын дараа түгээмэл илэрдэг эмгэг өөрчлөлтүүд тус бүрийн хөдөлмөр засал (бүлэг 5-10), харвалтын дараа үйлчлүүлэгчдийн 88%-д тохиолддог дээд мөчдийн үйл ажиллагааны алдагдал, өдөр тутмын практик үйл ажиллагаанд илүү чиглэсэн (бүлэг 11, 12) тусламж үйлчилгээний талаар орууллаа. Монгол хэл дээр төдийлөн элбэг байдаггүй тархины харвалтын дараах танин мэдэхүй, мэдрэл зан байдлын (бүлэг 8 ) өөрчлөлтүүдийн талаар оруулсан нь манай номын онцлог юм. Энэ бүлгийг АШУҮИС-ийн СС-ийн ББСТ-ийн хөдөлмөр заслын багш, АУ-ы магистр М.Эрдэнэцэцэг багш туурвисан юм.
Номын эхэнд эмнэл зүйн тохиолдлыг оруулж бүлэг тус бүрд тулгарсан асуудлыг шийдвэрлэн төгсгөл хэсэгт нэгдсэн дүгнэлт өгсөн нь хөдөлмөр заслын тусламж үйлчилгээний хүрээг тодорхойлж, ойлгоход дөхөм болсон.
Номтой холбоотой мэдээллийг 88096196, 89222809 гэсэн дугаараас авна уу.